8 дугаар зүйл. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал
8.1.Төрөөс дор дурдсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг, урамшуулал үзүүлж болно:
8.1.1.стратегийн хүнсний үйлдвэрлэл;
8.1.2.дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний хүнсний импорт;
8.1.3.хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар "тэжээл болон органик хүнсний" гэснийг "тэжээлийн" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.1.4.хүний бие махбодийг бүхэлд нь, эсхүл тодорхой эрхтэний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчилгээ бүхий биологийн идэвхт бодис, баяжуулсан, ашигтай бичил биетэн агуулсан зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэл;
8.1.5.үйл ажиллагаандаа зохистой дадал, энэ хуулийн 10.2.1-д заасан хяналтыг нэвтрүүлсэн;
8.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалсан;
8.1.7.дотоодын түүхий эд ашиглан шинэ технологиор импортыг орлох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.
8.2.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд олгох урамшуулалтай холбогдсон харилцааг Тариалангийн тухай хуулиар зохицуулна.
8.3.Мал төхөөрөх болон сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож болно.
8.4.Энэ хуулийн 8.1.2-т заасан өргөн хэрэглээний хүнсний жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.5.Энэ хуулийн 8.1, 8.3-т заасан үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, урамшууллын хэлбэр, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.