11 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах
11.1.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг дараах байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгална:
11.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар;
11.1.2.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;
11.1.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл;
11.1.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.5.бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан.
11.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар бүртгэж, хадгална.
/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.3.Энэ хуулийн 11.1.4, 11.1.5-д заасан хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаарх тайланг, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан этгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.
11.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа тухайн сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж, хадгалуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд гаргаж өгнө.
/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/