18 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрх

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрх

18.1.Авлигатай тэмцэх газар олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих;

18.1.2.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах талаар аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлд үүрэг, чиглэл өгөх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.3.авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх;

18.1.4.төрийн бус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

18.1.5.авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх;

18.1.6.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх;

18.1.7.төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх.

18.2.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиглэлээр дараахь чиг үүрэгтэй:

18.2.1.хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргах талаар сургалт явуулах, гарын авлага, зааварчилгаа гаргах;

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

18.3.Авлигатай тэмцэх газар чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллана.

18.4.Авлигатай тэмцэх газар дараахь бүрэн эрхтэй:

18.4.1.авлигын эсрэг явуулах төрийн бодлого, шийдвэр, түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;

18.4.2.авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;

18.4.3.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан төрийн байгууллагаас холбогдох мэдээ, судалгаа, тайланг гаргуулан авах;

18.4.4.аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардлагатай мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;

18.4.5.авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажил эрхэлдэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах;

18.4.6.авлигын холбогдолтой өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгах;

18.4.7.хуулиар харьяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;

18.4.8.чиг үүрэгтээ холбогдох асуудлаар мэдээ, мэдээлэл авах, мэдээллийн нууцыг хадгалах;

18.4.9. өөрийн байгууллага, ажилтныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

18.4.10.гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад албан тушаалтан буюу иргэнд ил болсон нууцыг задруулахгүйн тулд уг этгээдээс бичгээр баталгаа гаргуулан авах, баталгааг зөрчсөн тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх;

18.4.11.хуулиар харьяалуулсан хэргийг шалгах явцад илэрсэн авлигын гэмт хэрэгтэй холбоогүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх, энэ хуулийн 6.6, 7.1.7, 7.1.8-д заасан зөрчлийг хянан шалгаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

18.4.12.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.4.13.хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргавал зохих этгээдийн жагсаалтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч хянах;

18.4.14.хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих, мэдээлэл өгөх журмын биелэлтийг шалгах;

18.4.15.мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих, шалгах, хугацаа хожимдуулсан буюу санаатай худал мэдүүлсэн этгээдэд холбогдох хуульд заасан арга хэмжээг авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.4.17.авлигатай тэмцэх асуудлаар гадаад орнуудын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох.

18.5.Авлигатай тэмцэх газар Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр тодорхой хэргийг цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран шалгаж болно.

18.6.Авлигатай тэмцэх газар нь тодорхой хэрэгт гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, энэ хуульд заасан журмыг баримтална.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.