29 дугаар зүйл. Эдийн засгийн баталгаа

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Эдийн засгийн баталгаа

29.1.Авлигатай тэмцэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

29.2.Авлигатай тэмцэх газрын төсвийг улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

29.3.Авлигатай тэмцэх газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

29.4.Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.

29.5.Авлигатай тэмцэх газрыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгсэл, албан хаагчийг орон сууцаар хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааны явцад туслалцаа үзүүлсэн этгээд, гэрчийг хамгаалах, тэдгээрт санхүүгийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

29.6.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

29.7.Авлигатай тэмцэх газарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйл худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.

29.8.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.