30 дугаар зүйл. Нийгмийн баталгаа

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Нийгмийн баталгаа

30.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

30.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг, хэрэв хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг төр хариуцна.

30.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

30.4.Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хууль, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

30.5.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг тухайн байгууллагын төсвөөс төлнө.

30.6.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд гүйцэтгэх ажил эрхэлсэн, түүнчлэн мөрдөгчөөр ажилласан 5 жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.7.Авлигатай тэмцэх газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.

30.8.Энэ хуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ.

30.9.Авлигатай тэмцэх газарт гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, нууцалбал зохих албаны ажилтнаар ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцох бөгөөд уг албан тушаалд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар дүйцүүлэн тооцно. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.10.Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, гүйцэтгэх ажилтан тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэх бөгөөд уг хувцасны загварыг Авлигатай тэмцэх газрын дарга батална.

/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.