31 дугаар зүйл. Хууль зүйн баталгаа
31.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр, бусад албан хаагчийг Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
31.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын талаар Улсын Их Хуралд, бусад албан хаагчийн талаар Авлигатай тэмцэх газрын даргад 48 цагийн дотор мэдэгдэнэ.
31.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд эрх бүхий байгууллагаас түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал тавьсан бол түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Авлигатай тэмцэх газрын дарга шийдвэрлэнэ.
31.4.Авлигатай тэмцэх газрын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна.