15 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2/байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам батлаж биелэлтийг хангуулах;
/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын удирдлага, бодлогын төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж, байгаль орчны чадавхийн хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох аргачлалыг батлах; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4/хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
5/байгаль орчныг хамгаалах талаар улсын захиалга өгч судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажил гүйцэтгүүлэх, өөрийн харьяа судалгаа, шинжилгээ, зураг төслийн болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг удирдах;
6/байгаль орчны тухай мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах биологийн болон генетикийн нөөцийг тогтвортой ашиглахад чиглэгдсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагыг хэрэглэснээр гарах үр ашгийг тэгш, шударгаар ашиглах явдлыг дэмжих;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
7/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8/байгаль орчныг хамгаалах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
9//Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10//Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11/нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
12/энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан аргачлалыг батлах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13/байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
14/идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах журам боловсруулан батлах;
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтын дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
15/байгаль орчны мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
16/озоны давхаргыг хамгаалах талаар бодлого, хөтөлбөр боловсруулах, холбогдох дүрэм, журмыг баталж, хэрэгжилтийг хангах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
17/ байгаль орчны салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
18/хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
19/хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ заалтын дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Төрийн захиргааны бусад төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/салбарынхаа хөгжлийн чиг баримтлалд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг тухайлан тусгаж хэрэгжүүлэх;
2/салбартаа байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж үр дүнг жил бүр Засгийн газарт тайлагнах.