16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;

2/нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн дээд хэмжээг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоох;

3/байгаль орчны улсын тусгай хамгаалалтад ороогүй объектыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргаж, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоож, биелэлтэд нь хяналт тавих;

4/хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох;

5/байгаль орчны төлөв байдал, мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх.

6/шинээр томилогдсон Засаг даргад тухайн нутгийн байгалийн нөөцийн санг энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-6 дахь заалтад заасан үзүүлэлтээр бүртгэж хүлээлгэн өгөх бөгөөд түүний өөрчлөлтийн тайланг жил тутам хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч байна.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

7/Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасан байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх газрын хэмжээ, байршлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон сумын Засаг даргаас санал авч тогтооно. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

3/байгаль орчны мэдээллийн сангийн мэдээ, баримтыг төрийн захиргааны төв байгууллагад хугацаанд нь ирүүлэх;

4/нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5/нутаг дэвсгэртээ ажиллах байгаль орчны улсын ахлах болон улсын байцаагчийг энэ хуульд заасны дагуу ялгах тэмдэг, дүрэмт хувцас, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар хангах;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/

6/аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх.

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

7/нутаг дэвсгэртээ нөхөрлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг баталж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8/нөхөрлөлийн үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ батлагдсан төсвийн хүрээнд дэмжин хөгжүүлэх мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

9/тухайн жилд нөхөрлөлийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10/байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

11/хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд шаардагдах хөрөнгийг тухайн төсөл, арга хэмжээний төсөвт тусгуулах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль орчны мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.