17 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх
1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;
2/нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн хэмжээг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тогтоох;
4/байгаль орчныг хамгаалах талаар Засаг даргын ажлын тайлан хэлэлцэх.
5/нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлд хариуцуулах асуудлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэрлэх.
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
6/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан үнэлэлт, дүгнэлт өгч байх;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
7/нутаг дэвсгэртээ нөхөрлөлд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлах, хэрэгжилтийг хянах.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
2.Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
2/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг хууль тогтоомжийн дагуу олгох;
3/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгалийн баялгийн ашиглалтад хяналт тавьж, тэдний ургуулсан ой, ургамал, өсгөн үржүүлсэн амьтан, сэргээн сайжруулсан, засаж тохижуулсан газар, уст цэгийг хүлээн авах;
4/нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5/байгаль хамгаалагчийн ажлыг удирдан чиглүүлэх, албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах ялгах тэмдэг, дүрэмт хувцас, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар орон нутгийн төсөвтөө тусган хангах, шаардлагатай бусад туслалцаа үзүүлэх;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
6/аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын цэг тогтоох, бохирдлыг багасгах арга хэмжээ авах.
7/энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасан шийдвэрийг үндэслэн иргэдийн нөхөрлөлд хариуцуулах байгалийн тодорхой төрлийн баялгаас нь зохих болзол, хугацаатайгаар хууль, журмын дагуу хамгаалуулах, ашиглуулах, эзэмшүүлэх гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавих.
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
8/байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
9/энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ нутгийн иргэдийн байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
10/нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн сургалт явуулж үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/