18 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх
1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, бэлчээр, уст цэгийг хамгаалах, ашиглах хуваарь гаргаж зохицуулах; /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2/нийтийн ашиглалтын байгалийн баялгийн хамгаалалт, ашиглалтад хяналт тавих; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
3/байгаль орчныг хамгаалах талаархи Засаг даргын ажлын тайлан сонсох.
4/нөхөрлөл байгуулах талаар багийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэх.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
2.Баг, хорооны Засаг дарга байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/байгаль орчныг хамгаалах талаархи хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
2/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах ажлыг удирдан чиглүүлж, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран ажиллах, орчны бохирдол, хог хаягдлыг цэвэрлэх жил бүрийн ажилд иргэдийг татан оролцуулах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3/хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгох;
4/нутаг дэвсгэртээ орчны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, нийтийн хог хаягдлын цэг тогтоох.
5/нөхөрлөлийг байгуулах болон түүний үйл ажиллагаатай холбогдсон саналыг иргэдийн Нийтийн Хуралд танилцуулж хэлэлцүүлэх.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
6/бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн болон тариалангийн талбай, бэлчээр, уст цэгийг хамгаалах, ашиглах хуваарь гаргаж зохицуулах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ АШИГЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ НИЙТЛЭГ АРГА ХЭМЖЭЭ