3 дугаар зүйл. Хуулиар хамгаалах объект, түүнтэй холбогдсон нэр томъёо
1.Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ:
1/газар, түүний хөрс;
2/газрын хэвлий, түүний баялаг;
3/ус;
4/ургамал;
5/амьтан;
6/агаар.
2.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"байгаль орчин" гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна;
2/"ус" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна;
3/"ургамал" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна;
4/"амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна;
5/"агаар" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвч хамаарна;
6/"байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна.
7/"байгаль орчныг хамгаалах" гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна;
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
8/"байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл" гэж /цаашид "нөхөрлөл" гэх/ нутгийн иргэдэд байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой нөхөрлөлийг;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9/"байгаль орчны мэдээллийн сан" /цаашид "мэдээллийн сан" гэх/ гэж байгаль орчны өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, цуглуулах, дамжуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, баяжуулах, өөрчлөх, шинэчлэх, хамгаалах зэрэг үйл ажиллагааг хангах мэдээллийн технологийн иж бүрдлийг;
/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/
10/"мета мэдээлэл" гэж мэдээний эх сурвалж, хариуцах этгээд, формат, масштаб, чанар, хамрах хүрээ, хугацаа, ашиглалт зэрэг өгөгдлийн талаархи мэдээллийн багцыг.
/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/
11/"байгаль орчинд учруулсан хохирол" гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;
/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
12/"байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг;
/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
13/"байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг.
/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
14/"байгаль орчны аудит" гэж байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан объект, тэдгээрийн баялгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.