4 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах талаархи иргэний эрх, үүрэг

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах талаархи иргэний эрх, үүрэг

1.Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:

1/гэм буруутай этгээд байгаль орчинд хортой нөлөөлснөөс эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учирсан хохирлыг түүгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;

2/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3/байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллага байгуулах, хөрөнгийн сан үүсгэх нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгалийн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүний ашиг шимийг хүртэх;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4/холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах;

5/байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах, байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6/сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтад орж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа нутгийнхаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээгээр ашиглах, эзэмших.

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

2/байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох;

3/байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх.

4/байгалийн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх.

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.