6 дугаар зүйл. Байгалийн баялгийг өмчлөх, байгаль орчныг хамгаалах
/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1.Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн баялгийг зохих төлбөр, хураамжийг төлж, гэрээ, зөвшөөрлийн дагуу ашиглаж болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Хууль, гэрээнд заасан журмын дагуу иргэн өмчийн болон эзэмшлийн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газар дээрээ өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ургамал, ой мод, өсгөж үржүүлсэн амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар байгуулсан усан сан, нуур, цөөрмийг өмчилж болно.
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.Байгалийн баялгийг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу бий болгосон эсэх талаар мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, орон нутгийн засаг захиргааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тэдгээрт өмчлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.Засаг дарга энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дахь заалт, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн нутгийн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсныг шүүх шинжилгээний байгууллага, эсхүл эрх бүхий мэргэжлийн байгууллага хуульд заасан аргачлалаар албан ёсоор тогтоосон тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.5-т заасан арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, АУДИТ
/Энэ бүлгийн гарчигт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/