7 дугаар зүйл. Байгаль орчны үнэлгээ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Байгаль орчны үнэлгээ

1. Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас сэргийлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах зорилгоор байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хүсч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үнэлгээг өөрийн зардлаар хийлгэх буюу үнэлгээг урьд нь тогтоосон бол түүнийг гүйцэтгэсний зардлыг төлнө.

3.Байгаль орчны үнэлгээг энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрх олгосон аж ахуйн нэгж, байгууллага хийж тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

4.Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгоно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1/үнэлгээний багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь орон тооны мэргэжлийн боловсон хүчин байх;

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/хэмжилт, судалгааны багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;

3/магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагаас батлагдсан байгаль орчны үнэлгээ хийх арга зүйтэй байх;

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/үнэлгээ хийх асуудлаархи мэдээллийн сантай байх.

6./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.