21 дугаар зүйл. Корпорацийн бүрэн эрх
21.1.Корпораци дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн талаарх сар, улирлын тайлан, бусад мэдээллийг банкнаас авах;
21.1.2.банкны санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлт, санхүүгийн үзүүлэлт, бусад мэдээллийг банкнаас авах;
21.1.3.хадгаламжийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой, эсхүл даатгалын тохиолдлын магадлалыг үнэлэхэд шаардлагатай гэж үзвэл банкинд хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Монголбанкинд тавих;
21.1.4.татан буугдсан банкны эрх хүлээн авах ажиллагаанд Корпорацийн төлөөллийг оролцуулах хүсэлтийг Монголбанкинд тавьж, гүйцэтгүүлэх;
21.1.5.хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Сангийн хөрөнгө хүрэлцэхгүй бол Монголбанк, Засгийн газраас зээл, санхүүгийн дэмжлэг авч болно;
/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
21.1.6.Корпораци өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар журам баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.7.энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд банкинд хяналт шалгалт хийх;
/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
21.1.8.энэ хуульд заасан мэдээллийг солилцоход шаардагдах программ хангамжийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг корпораци нь тогтмол шалгах.
/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/