22 дугаар зүйл. Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо

22.1.Корпорацийн удирдах дээд байгууллага нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо /цаашид "Үндэсний хороо" гэх/ байна.

22.2.Үндэсний хороо долоон гишүүнээс бүрдэх бөгөөд Үндэсний хорооны гишүүн дараах этгээд байна:

22.2.1.Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Үндэсний хорооны гишүүн бөгөөд дарга;

22.2.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;

22.2.3.Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшиж томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22.2.4.Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголын банкны холбооны ерөнхийлөгч тус тус нэр дэвшүүлж, Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар томилсон гурван гишүүн;

22.2.5.Корпорацийн гүйцэтгэх захирал.

22.3.Энэ хуулийн 22.2.4-т заасан Үндэсний хорооны гурван гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд тэдгээрийг нэг удаа улируулан томилж болно.

22.4.Энэ хуулийн 22.2.4-т заасан гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

22.4.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

22.4.2.ял шийтгэлгүй;

22.4.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Корпорацийг удирдахад харшлахгүй байх;

22.4.4.банк, санхүү, даатгал, эрх зүй, эдийн засгийн аль нэг чиглэлээр мэргэшсэн;

22.4.5.банк, санхүү, даатгалын салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаал хашсан;

22.4.6.төрийн улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал хашдаггүй байх;

22.4.7.банк, санхүүгийн байгууллагад ажилладаггүй байх;

22.4.8.банк, санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч болон бусад холбогдох этгээд бус байх;

22.4.9.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс шалтгаалаагүй нь нотлогдсон байх.

22.5.Үндэсний хорооны дарга болон Корпорацийн гүйцэтгэх захирлаас бусад гишүүний урамшууллын хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

22.6.Үндэсний хорооны ажиллах журам, Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн гүйцэтгэх захирал болон ажилтны ёс зүйн дүрмийг Үндэсний хорооны тогтоолоор батална.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22.7.Дараах тохиолдолд Үндэсний хорооны гишүүнийг энэ хуулийн 22.3-т заасан хугацаанаас өмнө Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр үүрэгт ажлаас чөлөөлнө:

22.7.1.үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;

22.7.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;

22.7.3.өвчний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;

22.7.4.үүрэгт ажлаа хоёр ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн;

22.7.5.энэ хуулийн 22.4-т заасан шаардлагыг хангахгүй болсон;

22.7.6.ёс зүйн зөрчил гаргасан;

22.7.7.гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн эцсийн шийдвэр гарсан.

22.8.Энэ хуулийн 22.2.4-т заасан гурван гишүүнийг нэгэн зэрэг томилж, чөлөөлөхгүй байх зарчмыг баримтална.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22.9.Үндэсний хорооны гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд банкинд ажиллахыг хориглоно.

22.10.Үндэсний хорооны гишүүн үйл ажиллагаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.