25 дугаар зүйл. Корпорацийн гүйцэтгэх захирал

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Корпорацийн гүйцэтгэх захирал

25.1.Корпорацийн гүйцэтгэх захирал нь Корпорацийн дүрэм болон Үндэсний хороотой байгуулсан гэрээнд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний хорооноос баталсан стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Корпорацийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

25.2.Үндэсний хороо Корпорацийн гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулж, таван жилийн хугацаатай томилно.

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.3.Корпорацийн гүйцэтгэх захирал нь энэ хуулийн 22.4-т заасан шаардлагыг хангасан байна.

25.4.Корпорацийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг Корпорацийн дүрмээр тогтооно.

25.5.Корпорацийн гүйцэтгэх захирлыг энэ хуулийн 22.7-д заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

25.6.Энэ хуулийн 22.7-д заасан үндэслэлээр Корпорацийн гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тохиолдолд дараагийн гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд Үндэсний хорооноос үүрэг гүйцэтгэгчийг томилно.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.7.Ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчтэй байх зэрэг тохиолдолд Корпорацийн гүйцэтгэх захирал Үндэсний хорооны зөвшөөрсөн этгээдэд бүрэн эрхээ шилжүүлж болох бөгөөд ийнхүү эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

25.8.Корпорацийн гүйцэтгэх захирал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд банкинд ажиллахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.