26 дугаар зүйл. Дотоод мэдээллийн нууцыг хадгалах
26.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн ажилтан, хянан шалгагч болон Корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн, Корпораци, банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээ, мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
26.2.Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн ажилтан болон Корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээдийн энэ хуулийн 26.1-д заасны дагуу хүлээсэн үүрэг тэдгээрийн Корпорацитай холбогдсон үүрэгт ажил нь дуусгавар болсноос хойш хүчин төгөлдөр байна.