4 дугаар зүйл. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулах

ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулах

4.1.Гудамж, зам, талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно.

4.2."Үл хөдлөх эд хөрөнгө" гэж Иргэний хуулийн 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг ойлгоно.

4.3.Энэ хуулийн 4.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг нь дараах мэдээллээс бүрдэнэ:

4.3.1.нийслэл, аймаг болон сумын төв, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгонд гудамж /зам, талбай, хороолол, хотхон/-ийн нэр, дугаар, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл;

4.3.2.энэ хуулийн 4.3.1-д зааснаас бусад газарт газар зүйн /газар, усны/ нэр, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл.

4.4.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь уг үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаягийн өмнө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот, тосгоны нэрийг тодотгосон бичвэртэй байна.

4.5.Гудамж, зам, талбайг давхардахгүй байдлаар нэрлэж, дугаарлана.

4.6.Хаягийн тэмдэглэгээний стандартыг газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

4.7.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

4.8.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

4.9.Засгийн газар хаягжуулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.

4.10.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны гудамж талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээг авна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.