11 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд тавих шаардлага

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд тавих шаардлага

11.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх хуулийн этгээдэд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах шаардлага тавина: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.1. өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, байнгын агуулах, тоног төхөөрөмж, лаборатори, туршилтын талбайтай байх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан ачиж буулгах тусгай зориулалтын тоног төхөөрөмж, дотоодын тээврийн хэрэгсэлтэй байх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чанарын үзүүлэлт нь үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан байх;

11.1.4.шинэ төрлийн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэхэд Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу туршилт хийлгэн, шинжээчийн дүгнэлт гаргуулж, стандартаа баталгаажуулсан байх; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.5.мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдсан байх;

11.1.6.цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байх;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.1.7.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байх; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.8.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн байр, агуулахад гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх.

11.1.9.хуулийн этгээдийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшдэг байх.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.2.Үйлдвэрлэсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл сери /цуврал/ дугаар бүхий сав, баглаа боодолтой байх ба сери /цуврал/ дугаарыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

11.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сав, баглаа боодлын гадна талд үйлдвэрийн нэр, үйлдвэрлэсэн болон хадгалах баталгаат хугацаа, тэсэрч дэлбэрэх аюултайг анхааруулсан таних тэмдэгтэй байна.

11.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, пиротехникийн хэрэгслийн үйлдвэрийг шинээр байгуулж, ашиглалтад оруулахад шинжээчийн болон Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг гаргуулсан байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.5.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хувь нийлүүлсэн хөрөнгөд гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллээ хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.6.Энэ хуулийн 11.1.5-д заасан мэргэжлийн ажиллах хүчинд тавих шаардлагыг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно.

11.7.Энэ хуулийн 11.1.6-д заасан байгууллага хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан энэ хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтоосон тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэхэд тавих шаардлагыг хангасан эсэх талаар саналаа гаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.8.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд орсон өөрчлөлт энэ хуулийн 11.1.9-д заасан шаардлагыг хангаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.