23 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд тавих хяналт
23.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд дараах байгууллага хяналт тавина:
23.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн биелэлтэд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний болон пиротехникийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.1.3.пиротехникийн хэрэгслийн худалдаа, үзвэрийн зориулалтаар ашиглах үеийн аюулгүй байдалд цагдаа, онцгой байдлын болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.1.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, хадгалалтын үеийн галын аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн зарцуулалт болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хууль тогтоомж, журам, технологийн горимын биелэлтэд дотоод хяналт тавина.
23.3.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн марк, ангилал, хүчин чадал, ашиглах хугацаа, стандартын чанарын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлохдоо шинжээчийн мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын туслалцааг авна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
23.4.Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь хууль бусаар бусад гишүүндээ нөлөөлөхийг хориглоно.
23.5.Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь төрийн байгууллагыг төлөөлөн албан үүргээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй.
23.6.Шинжээч нь гаргасан дүгнэлтээ Мэргэжлийн зөвлөлийн өмнө бүрэн хариуцна. Шинжээч нь санаатайгаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан бол Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу түүний мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэргийг цуцлуулахаар холбогдох байгууллагад хандана.
23.7.Энэ хуулийн 23.6-д заасан тохиолдолд мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэргийг цуцална. /Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.8.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага нь гаргасан дүгнэлтээ бүрэн хариуцах ба үндэслэлгүй дүгнэлт гаргавал эрхийг нь цуцална. /Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./