14 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эрхлэх үйл ажиллагаа
14.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
14.1.1.зээлдэгчтэй холбоотой энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг цуглуулж зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх;
14.1.2.зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг боловсруулж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зээлийн лавлагаа, бусад бүтээгдэхүүн болгож борлуулах;
14.1.3.зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох;
14.1.4.зээлийн мэдээлэлд үндэслэн эдийн засаг, зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийх;
14.1.5.зээлийн мэдээлэлтэй холбоотой Монголбанкнаас зөвшөөрсөн бусад үйлчилгээ. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэ хуулийн 14.1-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.3.Олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнаас баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн энэ хуулийн 14.1.3-т заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтооно. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./