23 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

23.1.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк олгоно.

23.2.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах баримт бичгийг Монголбанкинд ирүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.2.1.зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн удирдлагад ажиллах хүмүүсийн болон хувьцаа эзэмшигчдийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, утас, цахим шуудангийн хаяг;

23.2.2.тухайн хуулийн этгээдийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч тус бүрийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ;

23.2.3.зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн удирдлагад ажиллах хүмүүсийн мэргэжил, боловсрол, ажлын дадлага туршлага, ял шийтгэлтэй байсан эсэх, хугацаа хэтэрсэн аливаа зээл, төлбөргүй болохыг нотлох баримт;

23.2.4.бизнес төлөвлөгөө;

23.2.5.зээлийн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хамгаалах бүх шаардлагыг хангахуйц мэдээллийн системийн программ хангамж, техник хэрэгслээр хангагдсаныг нотлох баримт;

23.2.6.хэрэглэгч зээлийн мэдээллийн санд хандаж мэдээлэл солилцох журам, түүний эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон гэрээний загвар;

23.2.7.байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагааны зарчим, хариуцлагыг тусгасан ёс зүйн дүрэм;

23.2.8.хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь Монголбанкнаас тогтоосон шаардлагад нийцэж байгааг нотлох баримт. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.2.9.энэ хуульд заасан эрхлэх үйл ажиллагааны төрөл, нөхцөл, шаардлагыг тусгасан удирдлага, зохион байгуулалтын бодлого, журам, шийдвэр. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.3.Монголбанк энэ хуулийн 23.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хянан шийдвэрлэж, бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хариу өгнө. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

23.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, үйлчилгээний хөлс тогтоох журмыг Монголбанк тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

23.5.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээд "зээлийн мэдээллийн сан" гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

23.6.Энэ хуулийн 23.2-т заасан баримт бичгийн жагсаалт, загвар, агуулга, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай болон энгийн зөвшөөрөл хүсэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд тавих шаардлага, мөрдөх стандартын жагсаалтыг Монголбанк батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.7.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.8-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд энэ хуулийн 23.6-д заасан нотлох баримтыг бүрдүүлэн Монголбанкинд ирүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.