26 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл
26.1.Монголбанк зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр хүчингүй болгоно: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.1.1.энэ хуулиар тавьсан шаардлагыг гурван сараас дээш хугацаанд хангаагүй;
26.1.2.тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болсон үүсгэн байгуулах болон бусад баримт бичиг хуурамч, бодит байдалд нийцэхгүй байгаа нь тогтоогдсон;
26.1.3.санаатайгаар буруу ташаа, бүрэн гүйцэд бус мэдээллийг тараасан, зээлийн мэдээллийн санд буруу ташаа засвар, өөрчлөлт оруулсан;
26.1.4.тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулж эхлээгүй;
26.1.5.зээлийн мэдээллийг хууль бусаар ашиглаж, энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг ноцтойгоор зөрчсөн, бусдад ихээхэн хэмжээний хохирол учруулсан. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.1.6.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд тухайн үйл ажиллагааг эрхэлсэн. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
26.2.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шалтгааныг холбогдох шийдвэрт тодорхой тусгана.
26.3.Монголбанк нь зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд уг этгээдээс 6 сарын дотор дахин тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.