4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."зээлийн мэдээлэл" гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг;

4.1.2."зээлийн мэдээллийн сан" гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг;

4.1.3."зээлдэгчийн зөвшөөрөл" гэж зээлдэгчээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн баримтыг;

4.1.4."зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх" гэж зээлийн мэдээллийн санд хууль, гэрээнд заасан үндэслэлээр мэдээлэл цуглуулах, өөрчлөх, шинэчлэх, нэмэлт оруулах замаар зээлийн мэдээлэл боловсруулахыг;

4.1.5.“зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд” гэж Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.6."зээлдэгч" гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг;

4.1.7."зээлдүүлэгч" гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг;

4.1.8."мэдээлэл нийлүүлэгч" гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг;

4.1.9."хэрэглэгч" гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр мэдээлэл авахыг хүссэн мэдээлэл нийлүүлэгч, иргэн, хуулийн этгээд, зээлдэгчийг;

4.1.10."мэдээлэл өгөх, авах гэрээ" гэж зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, уг сангаас мэдээлэл авах талаар мэдээлэл нийлүүлэгч, хэрэглэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн хооронд байгуулсан гэрээг;

4.1.11."төрийн байгууллага" гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг;

4.1.12."зээлийн лавлагаа" гэж зээлийн мэдээллийн сангаас цахим болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчид өгөх зээлийн мэдээлэл болон зээлийн түүхийн мэдээллийг;

4.1.13."зээлийн түүх" гэж зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн үүрэг, тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх цогц мэдээллийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.