6 дугаар зүйл. Зээлийн мэдээлэл
6.1.Иргэний зээлийн мэдээлэлд дараах мэдээллийг хамруулна:
6.1.1.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.2.оршин суугаа газрын хаяг;
6.1.3.татвар төлөгч этгээд бол хувийн дугаар;
6.1.4.ажил эрхлэлтийн байдал, ажлын газрын албан ёсны хаяг, утас, цахим шуудангийн хаяг;
6.1.5.гэрлэлтийн байдал;
6.1.6.зээл, төлбөрийн гэрээ байгуулсан он, сар, өдөр, гэрээний дугаар, төрөл, төлбөр гүйцэтгэх валютын нэр;
6.1.7.зээл, төлбөр төлөх хугацаа, хуваарь, хүүгийн хэмжээ, хүлээгдэж байгаа хэвийн зээл, төлбөрийн дүн;
6.1.8.гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн, эсхүл гүйцэтгээгүй байгаа зээл, төлбөрийн дүн;
6.1.9.барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаагаар хангагдсан, эсхүл хангагдах зээл, төлбөрийн дүн;
6.1.10.эд хөрөнгийн улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаар, он, сар, өдөр, эзэмшигч, өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, бусад шаардлагатай мэдээлэл; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.11.зээл, төлбөрийн үүргээс татгалзаж байсан бол татгалзсан шалтгаан;
6.1.12.зээл, төлбөрийн үүрэг, түүнийг шаардах эрх гуравдагч этгээдэд шилжсэн бол шилжүүлсэн баримт бичгийн он, сар, өдөр, дугаар;
6.1.13.зээл, төлбөрийн ангиллын талаарх мэдээлэл;
6.1.14.зээлдэгчийн зээлжих чадварын талаарх дүгнэлт;
6.1.15.зээл, төлбөрийн үүрэгтэй холбогдуулж Монголбанкнаас зээлийн мэдээлэлд хамруулах шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
6.2.Хуулийн этгээдийн зээлийн мэдээлэлд дараах мэдээллийг хамруулна:
6.2.1.оноосон нэр, монгол, англи хэл дээр болон товчилсноор;
6.2.2.улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;
6.2.3.оршин байгаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
6.2.4.татвар төлөгчийн бүртгэлийн дугаар;
6.2.5.хувьцааны 25 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.6.толгой, хараат, охин компани болон тэдгээрийн Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан холбогдох этгээд, Компанийн тухай хуулийн 99.1-д заасан нэгдмэл сонирхолтой этгээдийн нэр, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, оршин байгаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
6.2.7.гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.8.бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрхэлсэн ажил;
6.2.9.энэ хуулийн 6.1.6-6.1.15-д заасан мэдээлэл.
6.3.Төрийн байгууллагын мэдэлд байгаа дараах мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээлэлд хамруулна:
6.3.1.нийгмийн даатгал, татвар, гаалийн татварын төлөгдөөгүй, эсхүл хугацаа хэтрүүлж төлсөн өр, төлбөрийн дүн;
6.3.2.зээл, төлбөрийг албадан гүйцэтгүүлсэн бол албадан гүйцэтгэсэн зээл, төлбөрийн дүн, гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн он, сар, өдөр;
6.3.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс санаатайгаар зайлсхийсэн, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын он, сар, өдөр, дугаар;
6.3.4.улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бусдад өгөхийг хуулиар хориглоогүй мэдээлэл.
6.4.Зээлийн мэдээллийн сантай солилцсон дараах мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд бүртгэнэ:
6.4.1.зээлийн мэдээлэл ирүүлсэн, шинэчилсэн, өөрчилсөн он, сар, өдөр, мэдээлэл өгсөн мэдээлэл нийлүүлэгч, зээлийн лавлагаа авсан хэрэглэгчийн тухай мэдээлэл;
6.4.2.хэрэглэгчийн зээлийн лавлагаа авсан зорилго, шалтгаан, бүртгэлийн дугаар.