9 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх
9.1.Зээлийн мэдээллийн сан бүрдүүлэхэд дараах журмыг баримтална:
9.1.1.зээлийн мэдээллийг зөвхөн зээлийн мэдээллийн сан бүрдүүлж, ашиглах зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд цуглуулах;
9.1.2.зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх;
9.1.3.зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэхэд мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн хооронд мэдээлэл өгөх, авах гэрээг байгуулж, мэдээлэл солилцох;
9.1.4.зээлийн мэдээллийн санд зөвхөн энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг цуглуулах;
9.1.5.зээлийн мэдээллийг энэ хуулиар зөвшөөрсөн арга, хэлбэрээр бүрдүүлэх;
9.1.6.зээлийн мэдээллийг тогтмол баяжуулан, шинэчилж байх;
9.1.7.банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо нь Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, авах гэрээг байгуулж, мэдээлэл солилцох үүрэг хүлээх.
9.2.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээлэл нийлүүлэгчээс бусад аливаа этгээдээс мэдээлэл авч зээлийн мэдээллийн санд оруулахыг хориглоно.
9.3.Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг Монголбанкны зөвшөөрөлгүйгээр Монгол Улсаас авч гарах, гадаад улсад шилжүүлэхийг хориглоно.