19 дугаар зүйл. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналт
/Энэ зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.1.Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Монголбанк, энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.8, 4.1.10-т заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Санхүүгийн зохицуулах хороо, энэ хуулийн 4.1.9-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Хуульчдийн холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох Институт, Санхүүгийн мэдээллийн алба болон тухайн төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих эрх бүхий байгууллага эрсдэлд суурилсан хэлбэрээр тус тус хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан эрх бүхий байгууллага, Санхүүгийн мэдээллийн алба дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
19.2.1.энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд газар дээрх шалгалт хийх, зайнаас хяналт тавих, шалгалтын удирдамж, журам, заавар, зөвлөмж гаргах;
19.2.2.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, шалгалт хийх зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах;
19.2.3.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтанд тавигдах шаардлагыг тодорхойлох;
19.2.4.санхүүгийн нэгдлийн оролцогч нь өөр улсад бүртгэгдсэн, эсхүл байршдаг бол холбогдох хяналт тавих эрх бүхий байгууллага нь тухайн улсын хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан мэдээлэл солилцох, хамтарсан шалгалт хийх хэлбэрээр хамтран ажиллах;
19.2.5.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор холбогдох хяналт тавих эрх бүхий байгууллага хоорондоо болон Санхүүгийн мэдээллийн албатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах;
19.2.6.энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээ болон хариуцлагын талаарх статистик мэдээг нийтэд түгээх;
19.2.7.санхүүгийн нэгдлийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг шалгах шаардлагатай гэж үзвэл Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нэгдсэн хяналт шалгалтыг хийх.
19.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд, түүний удирдлага, ажилтан нь хянан шалгагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах нөхцөлөөр хангана.
19.4.Санхүүгийн мэдээллийн алба шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 4.1-д заасан этгээд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг энэ хуулийн 19.1-д заасан этгээдтэй хамтран хэрэгжүүлж болно.