18 дугаар зүйл. Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүрэг
18.1.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.1.1.энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс ирүүлсэн, түүнчлэн эрх бүхий төрийн болон гадаад улсын ижил төстэй байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээллийг хүлээн авах, цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх;
18.1.2.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гүйлгээ байна гэж үзсэн тохиолдолд тухайн мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлэх, шилжүүлсэн сэжигтэй бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар мэдээллийн сан бүрдүүлэх;
18.1.3.мэдээлэх үүрэгтэй этгээдийн сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сэжигтэй гүйлгээнд хийсэн дүн шинжилгээний талаарх ерөнхий мэдээлэл, сэжигтэй гүйлгээний нийтлэг хэв шинж, арга хэлбэрийн талаар тогтмол мэдээлэх;
/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.1.4.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах, сэжигтэй гүйлгээг хянах, илрүүлэх аргачлал боловсруулж энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг нь зохион байгуулах;
18.1.5.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах;
/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.6.хориг арга хэмжээний жагсаалтыг энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг нь зохион байгуулах;
/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.1.7.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар нэгдсэн статистик гаргах, хяналт шалгалт хийх, эрх бүхий бусад этгээдээр хяналт шалгалт хийлгэх;
/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.1.8.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх, уг үнэлгээний үр дүнд суурилсан үндэсний бодлого, хөтөлбөр боловсруулж, Хамтын ажиллагааны зөвлөлөөр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.1.9.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг зохион байгуулах.
/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.2.Санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, илэрсэн зөрчлийг арилгахыг энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс шаардах, эсхүл эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлж шалгуулах буюу зөвшөөрлийг нь хүчингүй болгуулах талаар санал боловсруулж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх эрхтэй. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 4.1-д заасан этгээд, түүний албан тушаалтныг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.
18.4.Санхүүгийн мэдээллийн алба өөрийн үйл ажиллагааны талаарх тайланг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд жил бүр танилцуулна.
18.5.Санхүүгийн мэдээллийн албаны дарга, ажилтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор иргэний, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн бүртгэл, нийгмийн даатгалын бүртгэл, хилээр нэвтэрсэн тухай бүртгэл, хөрөнгө оруулалтын бүртгэл, татвар төлөлтийн бүртгэл, банк, санхүүгийн байгууллага хоорондын гүйлгээний бүртгэлийн лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулж авах эрхтэй.
/Энэ хэсгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
18.6.Санхүүгийн мэдээллийн алба нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл солилцож, гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./