23 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
23.2.Энэ хууль, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон, зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол энэ хуулийн 19.1-д заасан байгууллагын эрх бүхий албан тушаалтан үүссэн нөхцөл байдал, дутагдлыг харгалзан дараах арга хэмжээг авна: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.2.1.дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх, хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
23.2.2.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;
23.2.3.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргах; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
23.2.4.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн эрх бүхий албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөрчлөхийг үүрэг болгох.
23.3.Эрх бүхий албан тушаалтнаас энэ хуулийн 23.2-т заасны дагуу өгсөн хугацаатай үүрэг, даалгавар, сануулга, шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./