3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."мөнгө угаах" гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг;

/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.2."терроризмыг санхүүжүүлэх" гэж террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг;

/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.3."бэлэн мөнгөний гүйлгээ" гэж үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, түүнчлэн олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг чек, вексель, үнэт цаас ашиглаж хийсэн гүйлгээг;

3.1.4."бэлэн бус мөнгөний гүйлгээ" гэж олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккредитив, инкасс, төлбөрийн карт, цахим төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр хийсэн гүйлгээг;

3.1.5."улс төрд нөлөө бүхий этгээд" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн3 20.2-т заасан этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг;

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.6."эцсийн өмчлөгч" гэж:

/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.6.а.харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.6.б.харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.6.в.хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.7."халхавч банк" гэж гүйцэтгэх удирдлага болон үйл ажиллагаа нь тухайн зөвшөөрөл авсан, эсхүл бүртгүүлсэн улсдаа бодитоор оршин байдаггүй, эсхүл тусгай зохицуулалттай ба нэгдсэн хяналт шалгалтад хамрагддаг санхүүгийн байгууллагад хамаардаггүй банкийг банкийг;

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.8."харилцагч" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдээр үйлчлүүлж байгаа этгээдийг;

3.1.9."хөрөнгө" гэж Иргэний хуулийн 83 дугаар зүйлд заасныг;

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.10."гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасныг;

/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.11."үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх" гэж Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.20–д заасныг;

/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.12."үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч" гэж үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүнийг;

/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.13."хөрөнгийг удирдах" гэж харилцагчийн хөрөнгийг түүний нэрийн өмнөөс ашиглах, эзэмших, захиран зарцуулахыг.

/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.14."санхүүгийн зөвлөх үйлчилгээ" гэж татварын зөвлөх үйлчилгээ, аудит баталгаажуулалтын үйлчилгээг ойлгоно.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.