4 дугаар зүйл. Мэдээлэх үүрэгтэй этгээд
4.1.Дараах этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар энэ хуулийн 16.1-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй:
4.1.1.банк;
4.1.2.банк бус санхүүгийн байгууллага;
4.1.3.даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч;
4.1.4.хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани;
/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.1.5.үнэт цаасны зах зээлд оролцогч зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.6.хадгаламж, зээлийн хоршоо;
4.1.7.үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага;
/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.8. энэ хуулийн 5.1.2-т заасан мөнгөн дүн бүхий бэлэн мөнгөний гүйлгээнд оролцсон бол үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч;
/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.9.нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн харилцагчтай холбоотой дараах ажиллагааг бэлтгэсэн, хийсэн, эсхүл оролцсон бол:
4.1.9.а.үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах;
4.1.9.б.харилцагчийн хөрөнгийг удирдах;
4.1.9.в.банкны, хадгаламжийн, үнэт цаасны дансыг удирдах;
4.1.9.г.компанийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг явуулах, удирдахад зориулан хөрөнгө татах, бүрдүүлэхийг зохион байгуулах;
4.1.9.д.хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг явуулах, удирдах, эсхүл хэлцлийн үндсэн дээр аливаа тодорхой үйл ажиллагаа явуулах, удирдах, эсхүл аж ахуйн нэгжийг худалдах, худалдан авах.
/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.10.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.11.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.2.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр данс нээх, гүйлгээ хийх, хаагдсан данс ашиглахыг хориглоно.
4.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү хэрэгжүүлэхдээ дараах эрсдэлийг харгалзан өөрийн аж ахуйн үйл ажиллагааны онцлог, хамрах хүрээнд нийцүүлэн бодитойгоор үнэлнэ:
4.3.1.харилцагчаас хамаарч үүсэх эрсдэл;
4.3.2.бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаарч үүсэх эрсдэл;
4.3.3.бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хүргэх арга, хэлбэрээс хамаарч үүсэх эрсдэл;
4.3.4.газар зүйн байршлаас хамаарч үүсэх эрсдэл.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.4.Энэ хуулийн 4.3-т заасан эрсдэлийг үнэлэхэд ашигласан баримт, мэдээллийг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанд хадгалах ба энэ хугацаанд эрх бүхий хянан шалгагч, улсын байцаагчийн шаардсан даруйд гарган өгөхөд бэлэн байлгана.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./