5 дугаар зүйл. Харилцагчийг таньж мэдэх
5.1.Дараах тохиолдолд энэ хуулийн 4.1-д заасан этгээд харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр, нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан таньж мэдэх үүрэгтэй: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.1.1.бизнесийн харилцаа үүсгэхийн өмнө;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.2.дансгүй, эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээд тохиолдлын чанартайгаар 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/, түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхийн өмнө;
5.1.3.харилцагчийн 24 цагийн дотор хийсэн, хоорондоо холбоо бүхий хэд хэдэн удаагийн гүйлгээний тус бүрийн үнийн дүн нь энэ хуулийн 5.1.2-т заасан хэмжээнээс бага боловч нийт үнийн дүн нь 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/, түүнээс дээш үнийн дүнтэй бол;
5.1.4.харилцагчийн талаар өмнө авсан мэдээллийн үнэн зөв эсэхэд эргэлзсэн тохиолдолд;
5.1.5.тухайн харилцагч, тухайн гүйлгээг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэж сэжиглэсэн тохиолдолд.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу харилцагчийг таньж мэдэхийн тулд энэ хуулийн 4.1-д заасан этгээд дараах арга хэмжээ авна:
5.2.1.харилцагч нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэхийн, эсхүл гадаад паспортын хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв баримт бичгийг шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргуулж авах;
5.2.2.харилцагч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газрын хаяг, улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн дугаар, харилцах утасны дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв баримт бичгийг шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, удирдлагын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг гаргуулж авах;
5.2.3.эцсийн өмчлөгчийн нэрийн өмнөөс данс нээж, гүйлгээ хийж байгаа эсэхийг мэдэх, ойлгох зорилгоор тухайн бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг тодруулах;
5.2.4.харилцагч нь хуулийн этгээд бол түүний эцсийн өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тодорхойлж, эцсийн өмчлөгчийн талаар болон харилцагчийн өмчлөл, хяналт, зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхтэй холбоотой боломжит бүх арга хэмжээг авах;
5.2.5.харилцагч нь хуулийн этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч бол түүний нэрийн өмнөөс харилцах этгээд нь тийм эрхтэй эсэхийг нягталж уг этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тодорхойлж, баримт бичигтэй нь тулгаж шалгах;
5.2.6.банк, санхүүгийн байгууллагын хоорондын шилжүүлэг хийгч, хүлээн авагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, харилцах утасны дугаар, дансны дугаарыг авах. /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь харилцагчийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ба уг үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.4.Харилцагч энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзвал энэ хуулийн 4.1-д заасан этгээд түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.5.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмын дагуу эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ хуулийн 5.2.1, 5.2.2-т заасан хүрээнд хялбаршуулсан байдлаар хийж болно.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.5.1.харилцагч нь төрийн болон нутгийн захиргааны байгууллага, эсхүл хөрөнгийн биржид бүртгэлтэй компани нь хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийг ил тод мэдээлэх үүрэгтэй бол;
/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.5.2.ижил түвшний урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг мэдээлэх үүрэгтэй этгээд хоорондоо харилцахад.
/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.6.Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээд нь гадаад гуйвуулга, шилжүүлэг, төлбөр тооцоо хийх зорилгоор гадаад улсын банктай корреспондент харилцаа тогтоохоос өмнө дараах мэдээллийг авсан байна:
5.6.1.тухайн банкны үйл ажиллагааны чиглэлийн талаарх мэдээлэл;
5.6.2.тухайн банк нь нийтэд танигдсан байдлын талаарх мэдээлэл;
5.6.3.корреспондент харилцааг тогтоох талаар гаргасан удирдлагын шийдвэр, уг харилцаанд оролцогч талуудын эрх, үүргийг харилцан тохирсон тухай мэдээлэл;
5.6.4.тухайн банк мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, дотоод хяналтын хөтөлбөртэй эсэх;
5.6.5.тухайн банк мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд холбогдон шалгагдсан, шалгагдаж байгаа эсэх талаарх мэдээлэл.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.7.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.10-т заасан этгээдэд: /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.7.1.халхавч банктай харилцахыг;
5.7.2.халхавч банктай харилцаа тогтоосон банктай харилцахыг;
5.7.3.халхавч банктай өмнө нь харилцаа тогтоосон байсан бол харилцааг үргэлжлүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.8.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь шинэ бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэхийн өмнө түүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглагдаж болох эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.9.Дараах харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзнэ:
5.9.1.улс төрд нөлөө бүхий этгээд;
5.9.2.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд;
5.9.3.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.10.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хийх, хүлээн авах, дамжуулах шилжүүлэг нь шилжүүлэгч, хүлээн авагчийн талаарх тодорхой мэдээллийг бүрэн агуулсан байх ба шилжүүлэгч, хүлээн авагчийн мэдээлэл тодорхой бус тохиолдолд шилжүүлэг хийх, хүлээн авах, дамжуулахаас татгалзана.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.11.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан мэдээлэлд байнгын хяналт тавьж, өөрчлөлт орсон тухай бүрд мэдээллийг шинэчилнэ.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.12.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.10-т заасан этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэх тохиолдолд тавигдах шаардлагыг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.13.Гуравдагч этгээдээр харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хийлгэх нь энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.10-т заасан этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.14.Дараах нарийвчилсан үйл ажиллагааг тусгасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч батална:
5.14.1.эцсийн өмчлөгчийг шалгаж тогтоох талаар авч хэрэгжүүлэх нарийвчилсан үйл ажиллагаа;
5.14.2.харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа;
5.14.3.харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагаа;
5.14.4.харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэх тохиолдолд тавигдах шаардлага;
5.14.5.эрсдэлийн үнэлгээний талаарх нарийвчилсан үйл ажиллагаа;
5.14.6.дотоод хяналтын хөтөлбөрийн талаар;
5.14.7.хориг арга хэмжээний жагсаалттай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
5.14.8.холбогдох бусад арга хэмжээ.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.15.Энэ хуулийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу харилцагчийг таньж мэдэх, холбогдох арга хэмжээг авахдаа нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан таньж, баталгаажуулж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд хүн, хуулийн этгээдээс цахим баримт бичгийг гаргуулан авч болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./