61 дугаар зүйл. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл болон эрх бүхий байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

61 дугаар зүйл. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл болон эрх бүхий байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх

/Энэ зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

61.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.17, 3.1.18-д заасан жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдэлд үйлчилгээ үзүүлэхийг хориглоно

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

61.2.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь хориг арга хэмжээний жагсаалтад хамаарах хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдлийн нэр илэрсэн, мэдсэн даруйд урьдчилан мэдэгдэлгүйгээр холбогдох данс, хөрөнгийн хөдөлгөөнийг шууд зогсоож, холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр гүйлгээ хийх эрхгүй болгож, энэ тухай тагнуулын байгууллага, Санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

61.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улс орон, нутаг дэвсгэрийн харилцагч нарт харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ба шаардлагатай бол хууль, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан арга хэмжээг авна.

61.4.Хориг арга хэмжээний жагсаалтыг энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд хүргэх, хориг арга хэмжээ болон хуульд заасан бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эдгээр арга хэмжээний хэрэгжилтийн тайлан гаргахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна.

61.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд энэ хуулийн 61.2-т заасан мэдээллийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 23.2, 23.6-д заасан журмын дагуу мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.