63 дугаар зүйл. Хорооны бүрэн эрх

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

63 дугаар зүйл. Хорооны бүрэн эрх

63.1.Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

63.1.1.үнэт цаасны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

63.1.2.үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор үнэт цаасны зах зээлд оролцогчийн дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журам батлан мөрдүүлэх;

63.1.3.үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

63.1.4.үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авах;

63.1.5.зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

63.1.6.үнэт цаасны зах зээлд аудитын, хөрөнгийн үнэлгээний болон хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэлээс хасах, түүнтэй холбоотой журмыг тогтоох; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

63.1.7.зохицуулалттай этгээд, харилцагчийн хооронд байгуулах гэрээ, хэлцлийн стандарт нөхцөлийг тогтоох;

63.1.8.зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар үүрэг, даалгавар өгөх, хариуцлага ногдуулах;

63.1.9.зохицуулалттай этгээдийн удирдах албан тушаалтанд нэр дэвшигчийг тохиромжтой этгээд мөн эсэхийг тогтоох, түүнд ажиллах зөвшөөрөл олгох, эсхүл тохиромжтой бус этгээдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх;

63.1.10.Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон арилжих дотоодын болон гадаадын үнэт цаас гаргагчийн үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах, түүнтэй холбоотой журмыг тогтоох; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

63.1.11.өөрийгөө зохицуулах байгууллага, зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батламжлах, түүнтэй холбоотой журмыг тогтоох; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

63.1.12.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих;

63.1.13.компанийн хувьцааны хяналтын багц болон түүнээс дээш хувийг худалдан авах санал гаргах үйл ажиллагааны журам тогтоох;

63.1.14.биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах;

63.1.15.үнэт цаасны зах зээлийн харилцагч өөрийн гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой хариуцлагыг өөрөө хүлээх зарчмын хүрээнд тэдгээрийн эрх, хууль ёсны ашгийг хамгаалахад шаардагдах нөхцөл бүрдүүлэх;

63.1.16.шаардлагатай тохиолдолд үнэт цаас эзэмшигчийн нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашгийн төлөө итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах;

63.1.17.гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх;

63.1.18.үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас тогтоосон үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, энэ тухайгаа нийтэд мэдээлэх;

63.1.19.энэ хуулийн 9.3-т заасан үнэт цаасыг бүртгэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

63.1.20.хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны журмыг тогтоож, үйлчилгээ үзүүлэгч этгээдийг бүртгэх, бүртгэлээс хасах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

63.1.21.хаалттай хувьцаат компанийн хувьцааг бүртгэх, хадгалах, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой журмыг батлах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

63.1.22.үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээг үзүүлэхтэй холбогдсон журмыг батлах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

63.1.23.үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэлээр, өв залгамжлалаар шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг батлах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

63.1.24.хуульд заасан бусад. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.