64 дугаар зүйл. Гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах
64.1.Хороо нь үнэт цаасны зах зээлийн мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг болон гэрээ байгуулж болно.
64.2.Хороо нь гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагад туслалцаа үзүүлэхдээ дараах асуудлыг анхаарна:
64.2.1.хүсэлт гаргагч байгууллагатай хамтран ажиллах талаар санамж бичиг болон гэрээ байгуулсан эсэх;
64.2.2.уг асуудалтай төстэй асуудлаар харилцан туслалцаа үзүүлж байсан, эсхүл үзүүлэх боломжтой эсэх;
64.2.3.мэдээллийн нууцлалыг хангаж чадах эсэх.
64.3.Гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллага нь Хорооноос туслалцаа хүсэхдээ түүний зорилго, мэдээллийг ашиглах зориулалт, нууцлалын талаар дурдсан байна.
64.4.Хороо гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагаас хүссэн мэдээлэлтэй холбогдуулж тодруулга ирүүлэхийг уг этгээдээс хүсэж болно.
64.5.Энэ хуулийн 64.4-т заасан хүсэлтэд хариу ирүүлээгүй бол Хороо түүнд туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.
64.6.Хорооноос өгсөн мэдээллийг зөвхөн хүсэлтэд заасан зорилгод ашиглах ба Хорооны зөвшөөрөлгүйгээр уг мэдээллийг бусад зорилгоор ашиглах буюу бусдад шилжүүлэх, мэдээлэхийг хориглоно.
64.7.Хороо гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагаас ирүүлсэн мэдээллийг зөвхөн хүсэлтэд заасан зорилгоор ашиглах бөгөөд тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, мэдээлэхийг хориглоно.