9 дугаар зүйл. Үнэт цаасыг бүртгэх, нийтэд санал болгохыг зөвшөөрөх
9.1.Үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг Хороо бүртгэж, үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгох зөвшөөрлийг олгоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийг Хороонд бүртгүүлэх ба уг бүртгэлийг хялбаршуулсан журмын дагуу хийх бөгөөд уул журмыг Хороо тогтооно.
/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
9.3.Үнэт цаас гаргагч урьд нь нийтэд санал болгон гаргасан тухайн төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар нэмж гаргахдаа хялбаршуулсан журмаар Хороонд бүртгүүлэх ба түүнтэй холбогдсон журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.4.Урьд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргасан үнэт цаас гаргагч өөр төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар гаргаж байгаа бол энэ талаар Хороонд мэдээлэл хүргүүлэх ба олон нийтэд өөрийн болон арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.5.Үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
9.5.1.өргөдөл;
9.5.2.үнэт цаасны танилцуулга;
9.5.3.зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлсөн тухай баримт;
9.5.4.Хорооноос тогтоосон журамд заасан бусад нэмэлт баримт.
9.6.Хороо нь үнэт цаасыг бүртгүүлэх тухай хүсэлтийг үнэт цаасны танилцуулга, бусад баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор хянаж, хууль болон Хорооноос тогтоосон шаардлагыг хангасан гэж үзвэл тухайн үнэт цаасыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд хугацааг зохих шаардлага хангасан, бүрдэл бүрэн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.7.Энэ хуулийн 9.6-д заасан шийдвэр гаргахад нэмэлт баримт бичиг, аудитын болон үнэлгээний зэрэг бусад хөндлөнгийн байгууллага, мэргэжилтний дүгнэлт, тайлбар гаргуулах шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр сунгаж болно.
9.8.Энэ хуулийн 9.7-д заасан ажиллагааны зардлыг хүсэлт гаргагч хариуцна.
9.9.Хороо нь үнэт цаасыг нийтэд санал болгох зөвшөөрлийг энэ хуулийн 9.6-д заасан бүртгэх шийдвэрт үндэслэн олгоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.10.Хороо дор дурдсан тохиолдолд үнэт цаасыг, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээс татгалзана:
9.10.1.хүсэлтийг энэ хууль болон Хорооноос тогтоосон журмын дагуу гаргаагүй;
9.10.2.үнэт цаас гаргагч, эсхүл түүний гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичиг нь тогтоосон шаардлагыг хангаагүй;
9.10.3.шаардлагатай мэдээллийг хүсэлтэд тусгаагүй, эсхүл дутуу тусгасан;
9.10.4.худал, төөрөгдүүлсэн, алдаатай, эсхүл хоорондоо зөрүүтэй мэдээлэл тусгасан;
9.10.5.шаардлагатай нэмэлт мэдээллийг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй;
9.10.6.тухайн үнэт цаасыг бүртгэх нь хөрөнгө оруулагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байна гэж Хороо үзсэн.
9.11.Засгийн газраас гаргасан үнэт цааснаас бусад нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл Хороо уг бүртгэлд бүртгэхээс татгалзсан үнэт цаасыг нийтэд танилцуулах, зар сурталчилгаа явуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.12.Үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор тухайн үнэт цаас гаргагч тухайн үнэт цаасыг бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргах эрхгүй.
9.13.Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас энэ хуулийн 9.6-д заасны дагуу нийтэд санал болгон гаргах үнэт цаас, түүний танилцуулгыг бүртгэсэн, нийтэд санал болгох болон үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах зөвшөөрөл олгосныг тухайн үнэт цаасанд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд үнэт цаасыг худалдан авсны улмаас хөрөнгө оруулагчид учирсан хохирлыг бүртгэсэн байгууллага хариуцахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.14.Үнэт цаасны танилцуулга, холбогдох баримт бичигт үнэн зөв мэдээлэл тусгах бөгөөд худал, хуурамч, дутуу, төөрөгдүүлсэн, зөрүүтэй, алдаатай мэдээлэл тусгасны улмаас бусдад хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг үнэт цаас гаргагч, уг шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтан хамтран хариуцна.
9.15.Үнэт цаасны танилцуулга, холбогдох баримт бичгийг бэлтгэхэд оролцсон этгээд өөрийн гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор бусдад учруулсан хохирлыг хариуцна.
9.16.Үнэт цаас гаргагч нь гаргаж байгаа үнэт цаасаа нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг нэгэн зэрэг гаргаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.17.Үнэт цаас гаргагчийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэсэн нь тухайн үнэт цаасыг нийтэд санал болгох, эсхүл нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэх үндэслэл болохгүй. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.18.Аймаг, нийслэлийн үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах бол Хороонд хялбаршуулсан журмаар бүртгүүлэх бөгөөд үүнтэй холбоотой журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./