10 дугаар зүйл. Үнэт цаасны танилцуулга

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Үнэт цаасны танилцуулга

10.1.Үнэт цаас, түүний танилцуулгыг Хороонд бүртгүүлснээс хойш зургаан сарын дотор нийтэд танилцуулах бөгөөд уул хугацаа дууссан өдрөөс хойш тухайн үнэт цаасыг нийтэд санал болгохыг хориглоно.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан хугацаа дууссанаас хойш тухайн үнэт цаасыг нийтэд танилцуулах тохиолдолд Хороонд шинэчлэн бүртгүүлнэ.

10.3.Үнэт цаасны танилцуулга нь үнэт цаас гаргагчийн тухай, түүний хувьцаа эзэмшигчид, удирдлага, зохион байгуулалт, эрх бүхий албан тушаалтан, үнэт цаас гаргагчийн хөрөнгө, өр төлбөр, санхүүгийн байдал, өнөөгийн болон ирээдүйн төлөв, эрсдэл, гаргаж байгаа үнэт цаас, тухайн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрх, үнэт цаасыг худалдах журам, хөндлөнгийн дүгнэлт болон хөрөнгө оруулагч шийдвэр гаргахад шаардлагатай гэж Хорооноос үзсэн бусад мэдээллийг агуулсан байна. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.4.Үнэт цаасны танилцуулгыг энэ хуулийн 8.2-т заасан журмын дагуу боловсруулна.

10.5.Үнэт цаасны танилцуулгад дор дурдсан мэдээллийг тусгана:

10.5.1.үнэт цаас гаргагчийн оноосон нэр, оршин байгаа газрын шуудангийн болон холбоо барих хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй эсэх тухай; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.5.2.үнэт цаас гаргагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, бүртгэсэн он, сар, өдөр;

10.5.3.үнэт цаас гаргагчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, тэдгээрийн дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувь хэмжээ;

10.5.4.үнэт цаас гаргагчийн бүтэц, зохион байгуулалт, эрх бүхий албан тушаалтны талаарх мэдээлэл, тэдгээрийн өмчлөл дэх хувьцааны тоо, хувь хэмжээний талаарх мэдээлэл;

10.5.5.үнэт цаас гаргагчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өмнө зарласан болон гаргасан, эргүүлэн худалдан авсан үнэт цаасны тоо, төрөл, нэрлэсэн үнэ болон өөрийн хөрөнгийн хэмжээ, биет болон биет бус хөрөнгийн талаарх мэдээлэл;

10.5.6.үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт;

10.5.7.үнэт цаас гаргагчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн тав болон түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүн бүхий үүрэг хүлээсэн гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийн тухай;

10.5.8.үнэт цаас гаргагчийн холбогдох этгээдийн тухай;

10.5.9.нийтэд санал болгож байгаа үнэт цаасны тоо, хэлбэр, нэрлэсэн үнэ болон тэдгээрийг нийтэд санал болгох болон худалдах нөхцөл, журам, ногдол ашиг хуваарилах нөхцөл, журам, өрийн хэрэгслийн хувьд хугацаа, үндсэн төлбөр, хүү төлөх нөхцөл, журам; /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.5.10.нийтэд санал болгож байгаа үнэт цаасаар гэрчлэгдэх эрх, үүрэг;

10.5.11.үнэт цаас гаргаж хуримтлуулсан хөрөнгийг зарцуулах бизнесийн төлөвлөгөө;

10.5.12.хувьцаанд хөрвөх үнэт цаас бол тухайн үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэх нөхцөл, журам;

10.5.13.үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө;

10.5.14.тухайн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагаанд хамтран оролцож байгаа зохицуулалттай этгээд болон бусад мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн тухай, тэдгээртэй байгуулсан гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагын тухай;

10.5.15.өрийн хэрэгслийн тухайд эргэн төлөх баталгаа, барьцаа хөрөнгийн талаар;

10.5.16.сүүлийн нэг жилээс дээшгүй хугацааны дотор хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.5.17.Хорооноос үнэт цаасны танилцуулгад тусгах шаардлагатай гэж үзсэн бусад.

10.6.Үнэт цаасны танилцуулгад тусгасан мэдээллийн үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг энэ хуулийн 33.2.1-д заасан хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр, санхүүгийн мэдээлэл нь үнэн зөв эсэхийг энэ хуулийн 33.2.3-т заасан аудитын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр тус тус хянуулж, дүгнэлт гаргуулна.

10.7.Энэ хуулийн 33.2-т заасан байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, хууль зүйн дүгнэлт нь тухайн үнэт цаасны танилцуулгын салшгүй хэсэг байна.

10.8.Үнэт цаасны танилцуулгад тусгасан мэдээлэлд хөндлөнгийн шинжээч, мэргэжилтний үнэлэлт, дүгнэлт багтсан бол уг баримтын талаар дор дурдсан мэдээлэл, тодорхойлолтыг хавсаргасан байна:

10.8.1.тухайн дүгнэлтийг гаргах эрхтэй болохыг нотлох баримт;

10.8.2.тухайн дүгнэлтийг гүйцэтгэсэн шинжээчийн нэр, хаяг, туршлага;

10.8.3.тухайн дүгнэлтийг сонирхлын зөрчилгүйгээр, зохих журмын дагуу гүйцэтгэсэн тухай шинжээчийн баталгаа;

10.8.4.тухайн дүгнэлтийг үнэт цаасны танилцуулгын хамт нийтийн хүртээл болгоход татгалзах зүйлгүй талаарх дүгнэлт.

10.9.Шинжээчийн дүгнэлт нь дор дурдсан мэдээллийг агуулна:

10.9.1.шинжээчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, дүгнэлт хийх эрх бүхий болохыг нотлох мэдээлэл;

10.9.2.дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан захиалагчийн талаарх мэдээлэл;

10.9.3.шинжилгээ хийсэн хугацаа, давтамж, он, сар, өдөр;

10.9.4.захиалагчийн даалгавар;

10.9.5.шинжилгээнд ашигласан аргачлал, шинжилгээний хамарсан хүрээ, танилцсан баримт бичиг, хамрагдаагүй асуудал;

10.9.6.шинжээчийн дүгнэлтийн агуулга;

10.9.7.шинжилгээг зохих журмын дагуу гүйцэтгэсэн болон сонирхлын зөрчилгүй болох тухай шинжээчийн баталгаа;

10.9.8.шинжээчийн гарын үсэг, тэмдэг;

10.9.9.Хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон бусад зүйл. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.10.Энэ хуулийн 10.5-10.9-д зааснаас бусад үнэт цаасны танилцуулгад тусгавал зохих нэмэлт мэдээллийг Хороо тогтооно.

10.11.Хороонд ирүүлэх хүсэлт, үнэт цаасны танилцуулга, түүний хуулбарт үнэт цаас гаргагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, дүгнэлт гаргасан хуульч болон санхүүгийн шалгалт хийсэн аудитор болон бусад шаардлагатай хөндлөнгийн шинжээч гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

10.12.Энэ хуулийн 10.5-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд үнэт цаас гаргагч нь үнэт цаасны танилцуулгад Хорооны зөвшөөрөлтэйгээр өөрчлөлт оруулах үүрэгтэй бөгөөд үнэт цаас гаргагч нь Хороонд бүртгүүлсэн үнэт цаасны танилцуулгад Хорооны зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулахыг хориглоно.

10.13.Энэ хуулийн 10.1-д заасан хугацаанд үнэт цаасны танилцуулгад тусгагдсан үнэт цаас гаргагчийн болон зах зээлийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчийн шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний өөрчлөлт орсон бол энэ талаар Хороонд мэдэгдэж, үнэт цаасны танилцуулгад нэмж тусгана.

10.14.Сонирхогч этгээд нийтэд санал болгож байгаа үнэт цаасны танилцуулга Хороонд бүртгэгдсэн эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргаж болно.

10.15.Дараах тохиолдолд үнэт цаасны танилцуулга бэлтгэхийг шаардахгүй байж болно:

10.15.1.Засгийн газар нийтэд санал болгон өрийн хэрэгсэл гаргах;

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.15.2.Засгийн газар бүхэлд нь баталгаа гаргасан үнэт цаас гаргах;

10.15.3.гаргасан хувьцааг нэгтгэх, эсхүл хуваах;

10.15.4.урьд нь нийтэд танилцуулсан үнэт цаасны танилцуулгын дагуу хувьцаанд хөрвөх өрийн хэрэгслийг хувьцаанд хөрвүүлэх;

10.15.5.хуульд заасан бусад.

10.15.6.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.15.7.гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад нийтэд санал болгон үнэт цаасаа гаргах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.15.8.банкнаас үнэт цаасны зах зээлд хадгаламжийн сертификат гаргах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.15.9.олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл гаргах. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.16.Энэ хуулийн 10.15-д заасан үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэх журмыг Хороо тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.