11 дугаар зүйл. Үнэт цаасыг нийтэд санал болгох

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Үнэт цаасыг нийтэд санал болгох

11.1.Үнэт цаас гаргагч дангаар, эсхүл андеррайтертэй байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасаа үнэт цаасны анхдагч зах зээлд худалдахаар 50 ба түүнээс дээш тооны хөрөнгө оруулагчид танилцуулах, сурталчлах замаар санал болгоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Хороонд бүртгүүлсэн үнэт цаасны танилцуулгад үнэт цаасыг хаалттай хүрээнд танилцуулахаар заасан бол тухайн хүрээний хөрөнгө оруулагчдад танилцуулна.

11.3.Үнэт цаас гаргагч нь энэ хуулийн 5.1.1-д заасан үнэт цаасыг нийтэд санал болгохдоо андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.

11.4.Үнэт цаас гаргагч нь үнэт цаасаа нийтэд санал болгохдоо тухайн үнэт цаасны танилцуулгатай сонирхогч этгээд үнэ төлбөргүй танилцах боломжийг бүрдүүлнэ.

11.5.Үнэт цаасны бүртгэлд бүртгэгдсэн, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны талаар тухайн үнэт цаас гаргагчаас нэмэлт мэдээлэл авах шаардлага үүссэн, эсхүл үнэт цаас гаргагч нь тухайн үнэт цаасыг бүртгүүлэх явцад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн, уг мэдээлэлд үндэслэн үнэт цаасыг нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн болох нь тогтоогдсон тохиолдолд зөрчлийн хэмжээнээс хамаарч Хороо тухайн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагааг түр зогсоох, эсхүл нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг хүчингүй болгож, энэ тухай үндэслэл бүхий мэдэгдлийг үнэт цаас гаргагч болон холбогдох үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх ба энэ талаар нийтэд мэдээлнэ. /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.6.Үнэт цаас гаргагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг энэ хуулийн 11.5-д заасны дагуу хүчингүй болгосонтой холбогдон үүсэх зардал, бусдад учирсан хохирлыг үнэт цаас гаргагч хариуцна.

11.7.Үнэт цаасыг нийтэд санал болгох үнэт цаас гаргагч, түүнчлэн үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах ажиллагаанд оролцсон зохицуулалттай этгээд болон хөндлөнгийн шинжээч энэ хуулийн 11.5-д заасан зөрчлийн талаар мэдсэн тохиолдолд Хороо болон эрх бүхий төрийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

11.8.Энэ хуулийн 11.5-д заасан зөрчлийн улмаас бусдад учирсан хохирлыг үнэт цаас гаргагч барагдуулсан нь уг зөрчил гаргасан үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтан, зохицуулалттай этгээд болон хөндлөнгийн шинжээчийг эд хөрөнгийн болон зөрчлийн, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.9.Энэ хуулийн 11.6-д заасан хохирлыг төлүүлэхээр хохирогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

11.10.Нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгохыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.