12 дугаар зүйл. Үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах, тайлагнах
12.1.Нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн аль алинд нь бүртгэгдсэн үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд худалдана. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаасыг арилжих зөвшөөрлийг Хороо олгох бөгөөд Хороо уг зөвшөөрлийг хөрөнгийн биржийн бүртгэлд бүртгэсэн болон холбогдох бэлтгэлийг хангасан тухай хөрөнгийн биржээс гаргасан тодорхойлолт, үнэт цаас гаргагчийн хүсэлтэд үндэслэн олгоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.3.Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаасыг зээлээр худалдах, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхийг хориглоно.
12.4.Үнэт цаас гаргагч нь үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд худалдаж дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор тухайн үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд худалдсан тухай тайланг тогтоосон журмын дагуу Хороонд ирүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.5.Энэ хуулийн 12.4-т заасан тайланд үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр арилжих бэлтгэл хангагдсан тухай үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолтыг хавсаргасан байна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.6.Хороо үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд худалдсан тухай тайланг ажлын гурван өдөрт багтаан хянах ба зохих журмын дагуу явагдсан, үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон гэж үзсэн тохиолдолд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.7.Хороо доор дурдсан нөхцөлийн аль нэг нь бүрэн хангагдсан бол үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон гэж үзнэ: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.7.1.үнэт цаасыг тогтоосон үнээр гаргаж байгаа тохиолдолд санал болгосон бүх үнэт цаас худалдагдсан буюу татан төвлөрүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг үнэт цаас гаргагчийн холбогдох дансанд бүрэн байршуулсан; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.7.2.үнэт цаасыг захиалгын бүртгэлийн аргаар санал болгосон тохиолдолд татан төвлөрүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг үнэт цаас гаргагчийн холбогдох дансанд бүрэн байршуулсан; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.7.3.үнэт цаасыг санал болгосны дараа түүний худалдаагүй үлдсэн хэсгийг андеррайтер нь худалдан авч энэ хуулийн 12.7.1, эсхүл 12.7.2-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.8.Хорооноос үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлснээс хойш үнэт цаасны анхдагч зах зээлийн хэлцлийг буцаахгүй. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.9.Үнэт цаас гаргагч нь үнэт цаасны анхдагч зах зээлээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг тухайн үнэт цаасны танилцуулгад зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.10.Хороо үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэснээс хойш зургаан сарын дотор тухайн үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд гаргаагүй тохиолдолд тухайн үнэт цаасны нийтэд санал болгохыг зөвшөөрсөн бүртгэлийг хүчингүй болгоно.
12.11.Энэ хуулийн 12.1-12.10 дахь хэсэг нь Засгийн газраас үнэт цаас гаргах, үнэт цаасны зах зээлд худалдахад хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/