13 дугаар зүйл. Хадгаламжийн бичиг
13.1.Хадгаламжийн бичиг нь хадгалалтад байгаа суурь үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрх, үүргийг нэгэн адил баталгаажуулна.
13.2.Хадгаламжийн бичиг нь суурь үнэт цаасанд чөлөөтэй хөрвөх үндсэн нөхцөлтэй байх бөгөөд хадгаламжийн бичгийг бусдад худалдахад түүнийг баталгаажуулсан суурь үнэт цаасны өмчлөх болон бусад эрх, үүрэг энэ хуулийн 13.1-д заасан эрх худалдан авагчид хамт шилжинэ.
13.3.Хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд, эсхүл суурь үнэт цаасыг хадгаламжийн бичигт хөрвүүлэх ажиллагаа нь хариу төлбөргүй хэлцэл байна.
13.4.Хадгаламжийн бичгийг зөвхөн үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа /цаашид "кастодианы үйл ажиллагаа" гэх/ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хадгаламжийн бичиг гаргагч гаргаж болно.
13.5.Хадгаламжийн бичиг гаргагчийг суурь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний хүрээнд түүний даалгавар гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд хадгаламжийн бичгийг баталгаажуулах суурь үнэт цаасны номиналь эзэмшигч байна.
13.6.Хадгаламжийн бичгийн суурь үнэт цаасыг хадгалалтад аваагүй байхад, эсхүл тоо, хэмжээ бүрэн бус байхад хадгаламжийн бичиг гаргахыг хориглоно.
13.7.Хадгаламжийн бичгийг нэмж, өмчлөгчийн зөвшөөрлөөр өмнө гаргасан үнэт цаасанд суурилж, эсхүл эдгээрийн аль алинд суурилан холимог хэлбэрээр гаргаж болно.
13.8.Нэг төрлийн хадгаламжийн бичиг тус бүр нь нэг төрлийн үнэт цаасны хувь тэнцүү эрхийг гэрчилнэ.
13.9.Нэг хадгаламжийн бичиг нь нэг болон түүнээс дээш тооны суурь үнэт цаасаар баталгаажиж болно.
13.10.Суурь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээнд заасан тохиолдолд нэг суурь үнэт цаасаар хэд хэдэн хадгаламжийн бичиг баталгаажиж болох бөгөөд энэ тохиолдолд саналын эрхийг хадгаламжийн бичгийн нийлбэрээр тооцож гаргана.
13.11.Хадгаламжийн бичиг нь дор дурдсан төрөлтэй байна:
13.11.1.Монгол Улсын хадгаламжийн бичиг;
13.11.2.гадаад улсын хадгаламжийн бичиг.
13.12.Хадгаламжийн бичиг гаргагч нь хадгаламжийн бичгийн бенефициар өмчлөгчийн бүртгэлийг хөтөлж, уг бүртгэлийг Хороо, суурь үнэт цаас гаргагчид хүсэлтийн дагуу хүргүүлнэ.
13.13.Хадгаламжийн бичиг гаргагч нь хадгаламжийн бичгийн бенефициар өмчлөгч байхыг хориглоно.