14 дугаар зүйл. Монгол Улсын хадгаламжийн бичиг
14.1.Монгол Улсын хадгаламжийн бичиг гэж кастодианы үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдсэн суурь үнэт цаасыг хадгалалтад авч, хадгаламжийн бичиг гаргагч Монгол Улсын зохицуулалттай зах зээлд худалдахаар бүртгүүлж, гаргасан санхүүгийн хэрэгслийг ойлгоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.2.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын хадгаламжийн бичгийн суурь үнэт цаасны төрөл, тухайн суурь үнэт цаасны бүртгэл бүхий харьяалах үнэт цаасны зах зээл, улсын жагсаалтыг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын саналыг үндэслэн Хороо тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.3.Хорооноос тогтоосон жагсаалтад хамрагдаагүй үнэт цаасанд суурилсан хадгаламжийн бичгийг Монгол Улсад худалдахыг хориглоно.
14.4.Хадгаламжийн бичиг гаргагч болон суурь үнэт цаас гаргагч хоорондын эрх, үүргийг тэдгээрийн хооронд байгуулах гэрээгээр тодорхойлох бөгөөд уг гэрээний үндсэн нөхцөл нь тухайн хадгаламжийн бичгийн танилцуулгын салшгүй хэсэг байна.
14.5.Суурь үнэт цаас гаргагч нь өөрийн харьяалах улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр энэ хуулийн 14.4-т заасан гэрээнд зааж болох боловч хадгаламжийн бичиг гаргагч нь Монгол Улсын хадгаламжийн бичиг гаргах, худалдах ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
14.6.Монгол Улсын хадгаламжийн бичиг гаргагчид тавих нөхцөл, шаардлага, хадгаламжийн бичиг гаргах журам, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэх, нийтэд санал болгох болон арилжих зөвшөөрөл олгох, нийтэд мэдээлэл өгөх журмыг Хороо тогтооно.
14.7.Энэ хуулийн 14.4-т заасан гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
14.7.1.суурь үнэт цаасаар баталгаажсан хадгаламжийн бичиг эзэмшигчийн суурь үнэт цаасны тухайд эдлэх эрхийн тухай, эрхийг нь эдлүүлэх, суурь үнэт цаасаар тодорхойлогдох саналыг нь нэгтгэн уламжлах, саналын дүнг танилцуулах журмын тухай;
14.7.2.суурь үнэт цаас болон суурь үнэт цаас гаргагчийн талаар нийтэд мэдээлбэл зохих мэдээллийг хууль тогтоомж болон Хорооноос тогтоосон журмын дагуу тухай бүр саадгүй гаргаж өгөх талаар суурь үнэт цаас гаргагчийн хүлээх үүргийн тухай;
14.7.3.хадгаламжийн бичиг эзэмшигчийн анхны шаардлагаар хадгаламжийн бичгийг цуцлах, холбогдох суурь үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийг гүйцэтгэх, хадгаламжийн бичиг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хадгаламжийн бичгийг цуцалж болохгүй тухай.