15 дугаар зүйл. Гадаад улсын хадгаламжийн бичиг
15.1.Гадаад улсын хадгаламжийн бичиг гэж кастодианы үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээр дамжуулан Монгол Улсад анх гаргасан үнэт цаасанд суурилан зөвхөн хадгаламжийн бичиг гаргагчийн гаргасан санхүүгийн хэрэгслийг ойлгоно.
15.2.Гадаад улсын хадгаламжийн бичиг нь тухайн хадгаламжийн бичгийг арилжих зах зээл, улсыг илэрхийлсэн нэртэй байж болно.
15.3.Өөрийн үнэт цаасанд суурилсан гадаад улсын хадгаламжийн бичиг гаргахаар шийдвэрлэсэн үнэт цаас гаргагч нь энэ тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор нийтэд болон Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./