25 дугаар зүйл. Гэрч, хохирогчийг хамгаалах талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хүлээх үүрэг
25.1.Засгийн газар гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
25.1.1.гэрч, хохирогчийг хамгаалах, тусламж үзүүлэх талаар хөтөлбөр баталж хэрэгжүүлэх;
25.1.2.гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний зардлыг улсын төсвийн төсөлд тусгах.
25.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
25.2.1.гэрч, хохирогчийг хамгаалах талаар гадаад улстай хэлэлцээр хийх, гэрээ байгуулах;
25.2.2.энэ хуулийн 25.1.1-д заасан хөтөлбөрийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх ажлыг уялдуулан зохицуулах.
25.3.Шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хамгаалалтад байгаа болон хамгаалалтад байсан гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор Тахарын албыг дараах мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй:
25.3.1.яллагдагчид авсан, өөрчилсөн таслан сэргийлэх арга хэмжээний талаар;
25.3.2.өршөөсөн, уучилсан шийдвэрийн талаар;
25.3.3.сулласан, хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон талаар;
25.3.4.ялтан хорих байгууллагаас түр болон бүрмөсөн чөлөөлөгдсөн талаар.
/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
25.4.Шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гэрч, хохирогчтой харьцах, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр шүүгч, прокурор, мөрдөгчийг чадвар сайжруулах сургалтад хамруулж, хохирогч, гэрчтэй харьцахад баримтлах журам боловсруулж, баталж мөрдүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
25.5.Нутгийн өөрөө удирдах болон төрийн байгууллага нь гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр энэ хуулийн 23.2-т заасан байгууллага болон эрх бүхий бусад байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.6.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан болон уг шийдвэрийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтан хохирогч, гэрчийн хувийн байдлын тухай мэдээллийг задруулахыг хориглоно.