15 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ
15.1.Тогтворжуулах гэрчилгээний загварыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.2.Тогтворжуулах гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:
15.2.1.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг;
15.2.2.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;
15.2.3.энэ хуулийн 13.5.2-т заасан хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;
15.2.4.хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нэр;
15.2.5.тогтворжуулах гэрчилгээ олгосон он, сар, өдөр, хүчинтэй байх хугацаа;
15.2.6.энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээ.
15.3.Тогтворжуулах гэрчилгээг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэхийг хориглоно.
15.4.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдахад тогтворжуулах гэрчилгээ нь шинээр бий болсон буюу эрх залгамжлан авсан хуулийн этгээдэд дараах шаардлагыг хангасан тохиолдолд шилжинэ:
15.4.1.хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
15.4.2.хөрөнгө оруулалтын төсөл нь энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангаж байх.