20 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ
20.1.Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.
20.2.Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.3.Хөрөнгө оруулалтын гэрээг энэ хуулийн 16.2, 16.3-т заасан хугацаанаас доошгүй хугацаагаар байгуулж болно.
20.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хуулиар тогтоосон хөрөнгө оруулагчид үзүүлэх эрх зүйн баталгааг олгож, тогтворжуулах татварын орчныг тогтоох, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тусгаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
20.5.500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт бүхий тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь өөрөө хүсэлт гаргавал түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно.
20.6.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг Засгийн газар батална.
20.7.Энэ хуулийн 20.4-т заасан тогтворжуулах татварын төрөлд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасныг ойлгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
20.8.Нийслэлийн дагуул хотын бүтээн байгуулалтын төсөлд 300 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын эрх олгосноор дагуул хотын Захирагч байгуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ