3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг;

3.1.2."хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг;

3.1.3."гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг;

3.1.4."дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг;

3.1.5."гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг;

3.1.6."гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар" гэж итгэмжлэлийн үндсэн дээр төлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад байгуулсан хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг;

3.1.7.“тогтворжуулах татварын орчин” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.50-д заасныг; /Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.8."татварын хувь, хэмжээг тогтворжуулах" гэж энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд энэ хуулийн 13.4-т заасны дагуу нэмэхгүйгээр хэвээр хадгалах, эсхүл бууруулахыг;

3.1.9."татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ" гэж энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд энэ хуульд заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг /цаашид "тогтворжуулах гэрчилгээ" гэх/;

3.1.10."тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч" гэж энэ хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг;

3.1.11."гадаадын төрийн өмчит хуулийн этгээд" гэж нийт гаргасан хувьцааных нь 50, түүнээс дээш хувийг гадаад улсын төр шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа хуулийн этгээдийг;

3.1.12."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж Компанийн тухай хуулийн 99.1-д заасан этгээдийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.