9 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.1.Хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулагчид үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах эрх, үүрэгтэй: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.1.хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;
9.2.2.хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;
9.2.3.энэ хуулийн 21.1-д заасан зөвшөөрлийг олгох;
9.2.4.Төв банк, хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас хөрөнгө оруулалттай холбоотой дараах мэдээллийг хагас, бүтэн жилээр гаргуулж, хөрөнгө оруулалтын статистик мэдээллийг гаргах:
/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.4.а.хөрөнгө оруулалтын эх үүсвэр, хэмжээ;
9.2.4.б.татвар төлөлт;
9.2.4.в.ажлын байрын тоо;
9.2.4.г.гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл;
9.2.4.д.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо;
9.2.4.е.бараа, үйлчилгээний импортоор хийсэн хөрөнгийн оруулалтын хэмжээ.
9.2.5.хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх;
9.2.6.хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;
9.2.7.хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг хөрөнгө оруулагчид сурталчлах;
9.2.8.хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд дэмжлэг үзүүлэх;
9.2.9.хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөх болон цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх;
9.2.10.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох;
9.2.11.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь төслийн бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл болон энэ хуулийн 16.2-т заасан хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацааны дагуу явагдаж байгаа байдалд хяналт тавих;
9.2.12.энэ хуулийн 9.2.11-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн санхүүгийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, шаардлагатай тохиолдолд тухайн хуулийн этгээдээс тус тус гаргуулан авах;
9.2.13.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн улсын бүртгэл хөтлөх;
9.2.14.хөрөнгө оруулалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.3.Энэ хуулийн 9.2.6-д заасан асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулж ажиллуулна.
9.4.Энэ хуулийн 9.3-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
9.5.Энэ хуулийн 9.3-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүнд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төлөөллийг оруулсан байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭМЖЛЭГ