14 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах

14.1.Хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болон Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд үүсгэн байгуулна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.2.Хөрөнгө оруулалтын санг хоёр буюу түүнээс дээш тооны хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хамтран үүсгэн байгуулах тохиолдолд тэдгээр нь хоорондоо тус тусын гүйцэтгэх чиг үүрэг, эрх, үүрэг, хариуцлага болон санхүүжилтийн талаар гэрээ байгуулна.

14.3.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд Хорооноос тогтоосон шалгуур, шаардлагыг хангаж байгаа нөхцөлд хоёр буюу түүнээс дээш тооны хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж болно.

14.4.Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах тухай бүрд үүсгэн байгуулагч хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд нь санг үүсгэн байгуулах баримт бичгийг Хороонд бүртгүүлсний үндсэн дээр үүсгэн байгуулах ажиллагааг гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.5.Энэ хуулийн 14.4-т заасан бүртгэлийн болон хөрөнгө оруулалтын сангийн төрөл, түүний үйл ажиллагааны онцлогтой холбоотой журмыг Хороо тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.6.Энэ хуулийн 14.4-т зааснаас бусад тохиолдолд хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулах, бусдад мэдээлэл өгөх, бусдаас хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно.

14.7.Энэ хуулийн 14.4-т заасан бүртгэлийг хийлгэх хүсэлтэд доор дурдсан мэдээллийг тусгана:

14.7.1.үүсгэн байгуулах хөрөнгө оруулалтын сангийн төрөл, хэлбэр;

14.7.2.хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэх хөрөнгийн доод хэмжээ; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.7.3.үүсгэн байгуулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгийн хэмжээ, уг хөрөнгийг оруулах санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл;

14.7.4.хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажиллагааг гүйцэтгэх мэргэжилтний талаарх мэдээлэл, тэдгээр нь тохиромжтой этгээд мөн болох тухай мэдэгдэл;

14.7.5.хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажиллагааг гүйцэтгэх хугацааны талаарх төлөвлөгөө;

14.7.6.Хорооноос ирүүлэхээр тогтоосон бусад мэдээлэл.

14.8.Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих журмыг Хороо батална.

14.9.Энэ хуулийн 14.4-т заасан бүртгэлд бүртгүүлсний дараа хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажиллагааг доор дурдсан дарааллын дагуу гүйцэтгэнэ:

14.9.1.хамтын хөрөнгө оруулалтын санг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх;

14.9.2.хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг боловсруулж, уг танилцуулгыг Хороонд бүртгүүлэх;

14.9.3.хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг хөрөнгө оруулагчид танилцуулах, хөрөнгө төвлөрүүлэх; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.9.4.хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, уг сангийн үйл ажиллагааг эхлэх.

14.10.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн тухайд энэ хуулийн 14.9-д заасан ажиллагаа бүрэн хийгдэж, хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсгэн байгуулагдсанд тооцно.

14.11.Хороо энэ хуульд нийцүүлэн хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг нийтэд танилцуулах, хөрөнгө төвлөрүүлэх журмыг батална.

14.12.Хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухайд хөрөнгө оруулагчид үүсгэн байгуулах хурлаа хийж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсгэн байгуулагдсанд тооцох бөгөөд уг ажиллагаанд энэ хуулийн 14.9-14.11 дэх хэсэг хамаарахгүй. Хувийн хөрөнгө оруулалтын сан нь сангийн нэгж эрхийн танилцуулгыг нийтэд танилцуулах замаар нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх эрхгүй байна.

14.13.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага энэ хуульд заасан хуулийн этгээдийн хэлбэртэй хөрөнгө оруулалтын санг доор дурдсан нэмэлт шаардлагыг хангасан нөхцөлд бүртгэнэ: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.13.1.энэ хуулийн 14.4-т заасны дагуу Хороонд бүртгүүлсэн байх;

14.13.2.хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулж, үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, сангийн дүрмийг баталсан байх;

14.13.3.үүсгэн байгуулагч нь тухайн хөрөнгө оруулалтын сантай хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байх;

14.13.4.хөрөнгө оруулалтын сан нь кастодиантай сангийн хөрөнгийг хадгалах тухай гэрээг байгуулсан байх;

14.13.5.хууль болон Хорооноос баталсан журамд заасан бусад.

14.14.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрх гагцхүү Хорооноос хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон өдөр үүсэх бөгөөд энэ хуулийн 14.9.1-д заасны дагуу тухайн санг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах эрх олгосон гэж үзэх үндэслэл болохгүй.

14.15.Хөрөнгө оруулалтын сан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэх хүртэлх ажиллагааг түүнийг төлөөлж үүсгэн байгуулагч эрхлэн зохион байгуулна.

14.16.Хороо энэ хуулийн 14.4-т заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгүүлэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хянаж, бүртгэх эсэхийг шийдвэрлэж, ажлын таван өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн нэмсэн./

14.17.Энэ хуулийн 14.16-д заасны дагуу Хороо хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд нь санг үүсгэн байгуулах хурлыг зарлан хуралдуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.