26 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн актив

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн актив

26.1.Хөрөнгө оруулалтын сангийн активт дараах хөрөнгө оруулалтын хэрэгсэл байж болно:

26.1.1.Засгийн газрын өрийн хэрэгсэл;

26.1.2.аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл;

26.1.3.нээлттэй Монгол Улсын болон гадаад улсын хувьцаат компанийн хувьцаа; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

26.1.4.хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа;

26.1.5.Монгол Улсын болон гадаад улсын үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.6.үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.7.гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас;

26.1.8.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн[6] дагуу гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;

26.1.9.үүсмэл санхүүгийн хэрэгсэл;

26.1.10.гадаадын болон үндэсний валют;

26.1.11.алт болон бусад арилжаалах боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн;

26.1.12.үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх.

26.1.13.хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

26.1.14.хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заасан бусад санхүүгийн хэрэгсэл. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

26.2.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн активт тавих нийтлэг шаардлага, зохистой харьцааны шалгуурыг Хороо тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.3.Тухайн хамтын хөрөнгө оруулалтын сангийн активт тавих шаардлага, зохистой харьцааны шалгуурыг Хорооноос баталсан нийтлэг шаардлагад нийцүүлэн тухайн сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт тусгана. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

26.4.Энэ хуулийн 26.3-т заасан нийтлэг шаардлагаас илүү шалгуурыг хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгээр тогтоож болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

26.5.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны явцад хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активын хэмжээ нь дараалсан 10 хоногийн туршид тухайн сан үйл ажиллагаагаа эхлүүлсэн өдрийн хэмжээнээс 40 хувь, эсхүл түүнээс илүү хэмжээгээр буурсан нөхцөлд тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд ажлын 15 өдөрт багтаан хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж доор дурдсан асуудлаар шийдвэр гаргуулах үүрэгтэй:

26.5.1.санг татан буулгаж, хөрөнгө оруулагчдад хөрөнгийг хуваарилах эсэх;

26.5.2.сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эрсдэлийг хүлээн зөвшөөрөх.

26.6.Хамтын хөрөнгө оруулалтын сан нь санхүүгийн хөшүүрэг хэрэглэсэн, эсхүл үнэт цаасны үнийн бууралтаас ашиг хүртэх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл активын бүтэцдээ оруулахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.